Дорноговь аймгийн Улаанбадрах сумын ИТХ

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын ИТХ

Баян богд уул

2015-06-22

Улаанбадрах сумын төвөөс зүүн хойш 20-иод км-т уудам хөндийн уулс дундах сүрлэг сайхан байгалийн үзэсгэлэн төгс уул юм. Далайн түвшнээс 1053 метрт өргөгдсөн, 1997 онд байгалийн нөөц ангиллаар 30 га талбайтайгаар аймгийн тусгай хамгаалалттай нутаг юм. Тал бүр тийшээ олон модтой сайртай голтой. Ялангуяа баруун тийм буусан 3 амыг гурван харанхуй гэнэ. 15-30 метр өндөр хадан хавцал хясаатай. Хойд талын шугам татсан мэт битүү шигүү ургасан буйлс хайлас мод,өвс ургамалтай амыг их харанхуй гэнэ. Энд төрөл бүрийн могой ихтэй учир могой эзэнтэй догшин газар гэдэг.
Уулын өндөрлөг тахилгат овооны оройгоос харахад 4 зүг, найман зовхист байгаа бүхэн тод харагддаг. Уулын олон хавцал, жалга, сархиаг хадан хавцал нь байшин барилга мэт сүрлэг, Энд төрөл бүрийн хайлаас буйлс,алтан харгана, зээргэнэ, бударга, шаваг, агь таана, агаруу, ганга, гашуун, чихэр өвс, тэсэг, нохой шээрэн, таана, хөмүүл, хар өвс, таван салаа зэрэг эмчилгээний болон төрөл бүрийн шимт ургамал ургадаг. Хур устай жил хад, жалга бүрт ус тогтон мал амьтан ундаалдаг. Энэ ууланд үнэг, чоно, аргаль, янгир ан амьтан элбэг. 1960-1980-аад онуудад гадаад дотоодын найрамдлын зочид төлөөлөгчид очиж үздэг, аргаль янгир агнадаг, аймгийн ганц үзвэрийн газар байлаа. Ер нь энэ уулын ойролцоох Хонгор, Бэрх, Салбар, Бага богд, Хавирга Зүрх, Хар овоо, Өндөр улаан, Цэцэрлэгийн уул овоо нь үзэсгэлэн төгөлдөр бараа ихтэй араатан амьтад, айл мал сүрэг нутаглахад аятай таатай сайхан нутаг юм.

Түүхэн баримт судраас сөхвөл: Түшээт хан аймгийн Мэргэн вангийн хошууны “Сүлд овоо” болон 1800-аад оны дунд үеэс тахигдаж ирсэн түүхтэй Тухайлбал: Мэргэн вангийн хошуу, “Олон хүрээ” хийд Рашаант, Аргалант, Дундбаян, Өндөр Ханангийн энгэрт нүүдлэн нутаг сэлгэж байсан ч энэ уулыг “Сүлд овоо”-гоо гэж жил бүр тогтмол тахидаг уламжлалтай байжээ. Баянбогд уул нь төрийн хар хүний буюу эр хүний хийморь лундааг дааж байдаг гэж “Далх” бурхан шүтээнтэй гэдэг эртний түүх тахилгат, домог арвин уул юм.

Нэгэн домогоор: Догшин ноён V хутагт Данзанравжаа нэгэн өдөр 2 шавиа дуудаад “Миний хэлснийг биелүүлж чадах уу?" гэж лавлаад та нар тэмээ хомнон 2 торх ус аваад Модон шанд дээр оч. Тэгээд усаа буулгах үед нэгэн бүдүүн могой ирнэ. Айх юмгүй. Түүнд усаа гадирт /сав/ хийж өгөөд могойг ус уухаа болихоор ачиж аваад Баянбогдын баруун харанхуйд хүргэж тавь” гэжээ. Хоёр шавь хэлсэн ёсоор нь Баян Богдын баруун хойд харанхуйд хүргээд, тэмээгээ хэвтүүлтэл нөгөө могой өөрөө буугаад харанхуй ам руу явсан гэдэг. Могой ачсан тэмээний нуруу, хом эсгий нь нов ногоон болсон байсан гэдэг.

Бас нэгэн болсон явдал, яриагаар: Зүүнбаянгийн нефтийн үйлдвэр барьсны дараах 1950-аад оны эхээр Оросын геологи хайгуулынхан Баян Богд уулын баруун хойд харанхуйд аварга могой байгааг тандан мэдэж, харанхуйн аман дээр цахилгаан мотор асааж цахилгаанаар цохиулан аварга могойг авсан гэдэг. Тэр могой нь машины тэвш дүүрэн байсан гэж үзсэн харсан гэх олон хүмүүс одоо ч ярьж байдаг. Уул могой одоо 5/9 Ленинградын нэгэн музейд “Богд” нэртэйгээр хадгалагдаж байгаа сурагтай.

Өнөөгийн байдлаар: Нутгийн уугуул иргэн “Анод” банкны захирал асан Н.Даваа хөрөнгө гарган тахилын сүмийг сэргээн зассанаар одоо нутгийн зон олон очиж ууландаа сүсэглэн хүндлэх ариун газар болон амилсан байна. Сүүлийн жилүүдэд Мэргэн вангийн хошууны “Олон Хүрээ” ний сүлд овоо гэдгээр Сайншанд суманд төвлөрдөг Дэчинчойнхорлин хийдийн лам хуваргуудыг Улаанбадрах сум, багаас урин залснаар уул овоогоо тахидаг. 2 насны морь уралдаж, 16-З2 бөх барилдан багийн ба сумын хэмжээний хур бороо оруулахыг хүссэн нутгийн олон түмний бэсрэг наадмыг жил бүр хийдэг уламжлал тогтжээ.  

Баянбогд уулын баруун талд Бага богд, Хар овоо, Өндөр уул, Элстэй гэсэн сүрлэг өндөрлөгүүдтэй. Урд талаараа Хамарын уул, Зүрх, Бэрх, Хайрга, Салбарын гэх мэт асга, жалга ихтэй хадтайсархиагтай, үргэлжилсэн хэц нуруутай. Хонгор, Цэцэрлэг, Цэвүүн, Цайдам гэсэн алсын өндөрлөг үзэсгэлэнт элс, чийрэг, говь хосолсон 5 төрлийн мал бэлчээрлэн идээшлэхэд тохиромжтой. Хур бороо орсны дараа баруун, хойд талын хоёр гүвээний энгэр доор цөгц мэт жижиг тогцоцод нуур ус болсон үед үзэсгэлэнтэй ногоон хөндий, айл мал нь багширч байх нь үнэхээр сэтгэл татам сайхан нутаг даа.

Энэхүү газрыг Дорноговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 12-р сарын 15-ны өдрийн 95-р тогтоолоор аймгийн байгалийн есөн гайхамшгийн нэгээр баталжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1301
509 / 39%
413 / 32%
185 / 14%
194 / 15%