Дорноговь аймгийн Улаанбадрах сумын ИТХ

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын ИТХ

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын танилцуулга

2015-06-22

Дорноговь аймгийн төв Сайншанд сумаас 136 км–т, Улаанбаатар хотоос 598 км-т байрладаг. 11,400 кв/км нутагтай. Сумын төв Нүдэн, Өмнө талаараа 60 км газар БНХАУ-тай хиллэдэг. Тус суманд Элсэн цагаан овоогийн, Өвөр хамарын хийд, Сайханы, Хашаатын, Бөөрийн, Шарил, Чойлонгийн хурал гэх мэт 5 хийд, 2 хурал 30 жас байсан байна.
Тус сум нь 1925 онд Цээл сумын Өлзийт баг, дараа нь Өлзийбадрах сум болж Х.Жанцан гэдэг даргатай байжээ. 1931 онд Дорноговь аймаг байгуулагдахад Улаанбадрах сум болон “Гурван зараа” гэдэг газар төвлөрч 4 баг, 210 өрх. 725 хүн амтай, 27,3 мянган малтай байсан бол 1941 онд Өргөн цэцэрлэг сумаас 50 гаруй өрх, Эрдэнэ сумаас 30 өрх, Мөн Сайхандулаан сумнаас 1955 онд 32 өрх шилжин ирснээр 1958 онд 6 баг, 432 өрх, 1400 хүн ам, 46,8 мянган малтай, 137,127.2 га нутагтай сум болсон байна.
1900–аад оны үед энэ нутгаас Даншигийн наадмын начин Гончигсүрэн, Мэргэн вангийн хошууны уяач, хурдан морь шинжээч  “Хунз" хэмээх Ганжуур гэсэн нэр цуут хүмүүс байсныг одоо ч дурссаар байдаг. Мөн энэ нутагт Д.Данзанравжаагийн төрсөн  газар байдаг гэдэг.  
Энэ сумын нутагт 1890–ээд оноос 1800–аад оны дунд үед тус сумын Рашаант, Аргалан зэрэг газарт Говь мэргэн вангийн хошуу суурьшиж байсан туурь одоо хүртэл байдаг. Ер нь Мэргэн вангийг хошууны Сүлд овоо нь энэ нутгийн “Баян Богд" уул байсан, түүний сан сольдов ном нь одоо ч төвд хэл бичигдсэн байдаг.
Тус сумаас Богд хаант засгийн үед цэрэгт татагдан ардын хувьсгалын тэмцэлд оролцож явсан партизан Баатардоржийн Гэндэн, 19З9,1945 оны дайнд 130 гаруй дайчид оролцож явсан ба тэдний заримыг дурьдахад Түмдийн штабын дарга Чойрогням, мөн Л.Шарав, А.Нацаг, Ш.Готовдорж, С.Юндэндорж, Л.Төмөртогоо, С.Цэрэн, Д.Санзайжамц,Ч.Мижиддорж, Х.Цэрэндорж, Д.Банди, Ц.Бат-Очир нарын олон эрс байдгийн дотроос Л,Төмөртогоо, Л.Шарав, С.Цэрэн нар Байлдааны гавьяаны одон  бусад хүмүүс нь Алтан гадас, цэргийн гавьяаны одонгоор шагнагдсан байдаг.
Тус сумаас Улсын сайн малчдын анхдугаар зөвлөлгөөнд Д.Цэдэнбал, 2-р зөвлөлгөөнд Ц.Шарав,3-р зөвлөлгөөнд Ц.Домоо, Ц.Янжин нар шалгаран оролцож байсан ба тус сумаас 1940-46 онд эрүүлийг хамгаалах яамны сайд агсан Р.Шийнэн, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн С.Гэлэгжамц М.Бат, Т.Санзай, Н.Дорж, фронтын сувилагч  И.Нүрмаа нарын нэртэй ахмад зүтгэлтнүүд, морь уяач,шинжээч Д.Палам нарын  цуутай хүмүүс саяхан болтол  байлаа.
Мөн сумын С.Гомбо-барилгын, М.Дорж–лимбэчин-жүжигчин, Г.Лувсанцэрэн философийн ухааны доктор, Академич ,ШУ-ны гавьяат зүтгэлтэн, Ш.Жамбал-хуулийн, С.Гунгаа-Монголын радиагийн соёлын, Ц.Баатаржав Соёлын гавьяат зүтгэлтэн, Д,Банди, Л.Нарантуяа нар улсын гавьяат жүжигчин, Ж.Одсүрэн улсын начин мөн, Ц.Цавшир- хүний гавьяат эмч, Монголын гаалийн нэрт зүтгэлтэн Г.Пунцагдаш, Д.Норов –зурхайн дэд доктор ,А.Эрдэнэ-очир “ Болор “цомын эзэн МЗЭ-ийн  шагналт яруу найрагч цол ,тэмдэгээр шагнагдсан билээ.
Нутаг дэвсгэрийн хувьд аймагтаа 2-т ордог. Хөвсгөл, Мандах, Сайхандулаан, Сайншанд, Өргөн,Эрдэнэ, Замын–Үүд сумдтай хиллэдэг.
1957 онд тус суманд Оргил, Ялалт нэгдлүүд байгуулагдаж Нэгдлийн даргаар Б. Лантуу, Ж.Нямбуу нар сонгогдож байсан байна. Ж.Нямбуу нь олон жил сум-нэгдлийн даргаар ажиллаж Алтан гадас одонгоор З удаа шагнагдаж байв.  
1961 онд 2 нэгдэл нэгдэн Оргил нэгдэл болон Нүдэн гэдэг газар шинээр төвлөрсөн ба Тус нэгдлээс улсын аварга малчнаар тэмээчин С.Маам, хоньчин Ч.Аранз, Ц.Түдэв, С.Зоригтбаатар, Ц.Гунгаа-очир, Ж.Батсуурь, бригадын дарга Д.Гончиг нарын нэгдлийн олон тэргүүний сайчууд төрсөн юм.          
Тус нэгдэл нь 1973 онд 10,000 тэмээтэйгээр улсад тэргүүн байр эзлэн Мөнгөн буйл, дипломоор шагнагдан, тэмээчдийн баяр хийж байсан бол, сум-нэгдлийн даргаар ажиллаж байсан Ж.Нямбуугийн үед Аймагтаа хамгийн их мөнгөн хөрөнгөтөй нэгдлээр шалгарч байлаа.
Тус сум аймагтаа нэгэн үед хүчит бөх, хурдан мориороо аймагт тэргүүлж байлаа. Тус Улсын начин Бор, Ж.Одсүрэн. Аймгийн арслан У.Ринчиндорж, Д.Хөнхөр, Л.Түдэв, Я.Халтар, Т.Дашдэндэв, Д.Баянжаргал, Н.Алдарсайхан, аймгийн заан начин 20 шахам төрсөн байхад Уяачдаас Аймгийн цолтой З0 гаруй байдаг. Зөвхөн Дорноговь аймгийн 50 жилийн ойгоор болсон аймгийн наадамд зургаан насны З0 айраг түрүү морины 15–ыг нь тус сумаараа авч байсан удаатай, Тэдний дотор Ч.Аранз, Ж.Нямбуу, И.Гомбожав, И.Дүгэрсүрэн, Б.Жамьянсүрэн, Ц.Дашцэрэн, Р.Гүзээ, Д.Эрдэнэжаргал, Г.Жамбал нарын олон сайн уяаачид байдаг.
Одоо тус сум 490 өрхтэй,1543 хүн амтай 4 багтай, сумын эдийн засгийн үндэс нь мал аж ахуй бөгөөд 96,670 толгой малтай. Төрийн болон төрийн өмчит албан байгууллага 7, Банкны 2 салбар, худалдаа үйлчилгээний 10 гаруй цэгтэй зэвсэгт хүчний 1 анги ажилладаг.  
Тус сум 2008, 2010, 2012 оны “Монгол тэмээ” наамдмын тэргүүн байр, ЕБС нь үйл ажиллагааны үзүүлэлтээр  2009 – 2010 онд аймагтаа тэргүүн байр, соёлын төв нь 2009-2010 онд 2-р байр эзэлж, Сумын сургууль нь 2011 онд “Топ менежменттэй сургууль”-иар улсад шалгарсан байна.
2009-2012 онд тус сумнаас аймгийн сайн малчин 3, алдарт уяач 3, салбарын тэргүүний ажилтан 12, Алтангадас одон 2, Хөдөлмөрийн хүндэт медаль 2 хүн тус тус шагнуулсан байна.
Төвийн эрчим хүчинд холбогдсон. Үүрэн телефоны үйлчилгээ нэвтэрсэн. Тус суманд 400 хүүхдийн суудалтай ЕБСургууль, 52 ортой дотуур байртай,10 ортой хүн эмнэлэг, 30 ортой хүүхдийн цэцэрлэг, 200 суудалтай соёлын төв ажилладаг
Тус нутаг нь Баян богд, Аргалант, Тахиатын уулс, Хонгор Шавагтай, Рашаантын үргэлжилсэн өндөрлөгүүд, Гурван баян,Лхүндэв, Гурван бяруу, Эргий бүдүүний хөндий зэрэг говиудтой Магнай, Жаргалант, Шар довон, Сангийн Далай, Цайдам, Цэвүүн, Гурван жаргалант гэсэн 120 гаруй км үргэлжилсэн элс манхантай, Баруун урд талдаа Шаваг Сүйхэнт,Элсэн долоон, Элсэн цагаан овоо гэсэн өргөн уудам элсэрхэг хөрст газартай, төрөл бүрийн ургамал нь хослосон нутаг байдаг. Тус сумын нутаг Зүүнбаянгийн болон Цагаан элсний нефтийн ордууд, мөн уран, шохойн чулууны асар их нөөц бий. Энэ сумын нутагт Баян богд, Аргалант,Тахиат, Хар заг, Нүдэнгийн шивээнүүд, Өвөр Цайдамын шүү, Сүйхэнтийн хадан дээрх адууны мөр зэрэг эрт урьдын олон гайшамшигт байгалийн баялаг тогтоц, хүний сэтгэлийг хөдөлгөн нүдийг сэргээх сонин содон зүйл олон байдаг.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1264
494 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%